Зөвлөгөө мэдээлэл

Огноо 2023-04-07

Хаус авах уу, хөрөнгө оруулах уу? ₮100 саяа өсгөх хувилбарууд №2

image

Мэдээллийн эх сурвалж: Bloomberg TV Mongolia

Танд яг одоо 100 сая төгрөг байна гээд төсөөлөөд үз дээ. Юунд хөрөнгө оруулах вэ?

Шууд хариулахад тийм ч амар биш. Олон улсад инфляц болон эдийн засгийн уналттай холбоотой тодорхойгүй байдал нүүрлээд буй энэ үед бэлэн мөнгөнийхөө хэмжээг нэмэгдүүлсэн хөрөнгө оруулагчид олон байна. 

Ямартай ч дотоод болон гадаад зах зээлд оновчтой хөрөнгө оруулалт хийх боломжууд байгааг анзаарах хэрэгтэй. Бид экспертүүдээс 100 сая төгрөгөө өсгөх боломжит хувилбарууд юу байж болох талаар асуусан юм. Шинжээчдийн хувьд дотоодын зах зээлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд хөрөнгө оруулахаас  эхлээд дэлхийд ган үйлдвэрлэлээр тэргүүлэгч компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийх зэрэг санаануудыг хуваалцлаа. 

Голомт капитал ҮЦК ХХК-ийн Ахлах шинжээч Т.Азтүшиг:

Багцын 70 хувь буюу 70 сая төгрөгөөр Монгол Улсын Хөгжлийн банкны бонд авахыг санал болгож Байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эрсдэл хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулаад байгаа  ч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн УИХ-ын 68-р тогтоолоор Хөгжлийн банкны 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр дуусах ам.долларын бондод Засгийн газраас өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгосон. Энэ ч утгаараа дээрх бондын эргэн төлөлт хийгдэхгүй байх, эсвэл дахин санхүүжилт хийгдэхгүй байх эрсдэл харьцангуй бага гэж үзэж байна.

Дээр дурдсан Хөгжлийн банкны 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр дуусах бондын өгөөж 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн самбарын ханшаар ам.доллароор 13.6 хувийн өгөөжтэй байна. Иймд багцынхаа дийлэнх буюу 70 хувьд тус бүтээгдэхүүнд хөрөнгө оруулснаар мөнгөний үнэ цэнээ хамгаалах, багцын өсөлтийг хамгаалах шийдвэр байх болно. Багцын 20 хувь буюу 20 сая төгрөгт БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьцаанд хөрөнгө оруулна. /Baoshan Iron and Steel 600019.SSE/ 2022 онд БНХАУ-ын эдийн засаг гурван хувиар тэлж, түүхэн үзүүлэлтүүдтэйгээ харьцуулахад хангалтгүй үзүүлэлттэй гарсан бол энэ онд эдийн засгийн өсөлтийн төсөөллөө таван хувьд хүргэх зорилт тавиад байна. 

2022 онд тус улсын аж үйлдвэрийн салбарын PMI индекс 12 сарын найман сард нь хэвийн бус үзүүлэлттэй гарсан. Аж үйлдвэрлэгч улсын хувьд энэ үзүүлэлт нь эдийн засгийнх нь амин үзүүлэлт гэж хэлэхэд буруудахгүй. Энэ он гарсаар тус улсын аж үйлдвэрийн салбарын PMI индекс сүүлийн хоёр сар дараалан хэвийн гараад зогсохгүй цар тахлаас хойших хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан. 

Мөн тус улсын зэс, коксжих нүүрс, төмрийн хүдрийн импорт өндөр байгаа нь дотоодын апетит өндөр байгааг харуулж байна. Энэ ч утгаараа тус улсын дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарын томоохон хөдөлгөгч компаниудын нэг болох Төрийн өмчит “Baowu Group”-ийн “Baoshan and Iron Steel” /600019.SSE/ компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийнэ. Ингэхдээ худалдан авалт хийх тохиромжтой ханш 5.8 юань гэж таамаглаж байна. Тус компани нь хувьцаа эзэмшигчдэдээ жилд найман хувийн ногдол ашиг тараадаг бөгөөд юанийн хөрөнгө оруулалт байх тул мөнгөний үнэ цэнийг хамгаалж өсөлтийн эрчийг хадгалах бүтээгдэхүүн гэж үзэж байна. 

Багцын 10 хувь буюу 10 сая төгрөгт “Proshares Ultra Bloomberg Crude Oil” /UCO.NYSE/. Газрын тос нь 2022 оны гуравдугаар сарын долооны өдөр буюу ОХУ болон Украины дайнаас шалтгаалж 130.7 ам.доллар хүрсэн бөгөөд 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдөр цар тахлын өмнөх оройн түвшин болох 64.12 ам.долларын түвшинд хүрч, ханшийн дэмжлэг авч 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 73.61 ам.доллароор арилжаалагдаж байна. 

Газрын тосны хамгийн том хэрэглэгч орон болох БНХАУ оны эхнээс эдийн засгаа нээснээр тус улсын аж үйлдвэрлэлийн тоон үзүүлэлтүүд сайн гарч байгаа, мөн эдийн засгийн төсөөллөө өмнөх онуудаас өндрөөр төсөөлж байгаа нь газрын тосны эрэлтийг өндөр байлгах хүлээлттэй байна. Дээр дурдсан бүтээгдэхүүнүүдээр багц бүрдүүлсэн тохиолдолд жилийн жигнэсэн дундаж өгөөж ам.доллароор 15-18 хувьд хүрнэ гэж таамаглаж байна.

Мөнгөө зөв удирдаж

Мөрөөдлөө биелүүлье